Zusmee’s Podcast

Zusmee Byamba

My personal podcast. zusmee.substack.com

  1. 5d ago

    Бид хэзээ жинхэнээсээ том болох вэ?

    “Би, би, би! Намайг хараач! Миний амжилтыг хар л даа!” Ийм хүмүүсийг би ойлгодог. Бид чинь багадаа бүгд л тийм байсан шүү дээ. Шинээр сурсан зүйлээ ээж аавдаа гайхуулж, “Хараач, би энийг чаддаг болчихлоо!” гээд л гүйж очно. Ээж аав маань баярлаж, магтаж, бид ч тэрэнд нь баярлана. Том болсон ч энэ хэрэгцээ нэг их өөрчлөгддөггүй юм шиг. Зүгээр л илэрхийлэх хэлбэр нь өөрчлөгдөнө. Шагнал авна, албан тушаал ахина, ямар нэгэн амжилт гаргана. Тэгээд түүнийгээ бусадтай хуваалцаж, баяр хүргүүлж, магтуулна. Тэр мөчид өөрийгөө чадвартай, үнэ цэнтэй хүн гэдгээ илүү мэдэрнэ. Үүнд буруу зүйл байхгүй. Хүн хөдөлмөрлөж, шинэ зүйл сурч, хийсэн бүтээснийхээ үр дүнгээр бахархах сайхан. Бусдад үнэлэгдэж, хөдөлмөрөө хүлээн зөвшөөрүүлэх хүсэл ч хүний төрөлхийн хэрэгцээний нэг. Гэхдээ энд нэг сонирхолтой асуулт гарч ирнэ. Бид амжилт гаргасандаа баярладаг юм уу, эсвэл бусад хүмүүс бидний амжилтыг хүлээн зөвшөөрсөнд баярладаг юм уу? Энэ хоёр анх харахад адилхан мэт боловч цаанаа ялгаатай. Хэрэв бид өөрсдийн үнэ цэнийг бусдын магтаал, сайшаал, хүлээн зөвшөөрөлтөөр хэмждэг болчихвол яах вэ? Шагнал авахаараа өөрийгөө мундаг гэж мэдэрнэ. Харин шагнал авахгүй бол? Хэн ч анзаарахгүй бол? Бидний хийсэн зүйлийг хэн ч үнэлэхгүй бол? Тэгэхээр бидний үнэ цэн буурчихаж байгаа хэрэг үү? Миний бодлоор өсөж хөгжих боломж яг эндээс эхэлдэг. Бусдын магтаалыг хүсэх нь буруу биш. Харин өөрийн үнэ цэнийг бусдад дахин дахин батлах нь амжилтын гол зорилго болчихвол бид амьдралаа бусдын нүдээр хэмжиж эхэлнэ. Яг л багадаа ээж аав руугаа гүйж очоод “Намайг хараач!” гэж хэлдэг байсан тэр хүүхэд дотроос маань ярьсаар байгаа юм шиг. Тэгвэл бид хэзээ жинхэнээсээ том болох юм бол? Хэзээ бусдын нүдээр өөрийгөө харахаас гадна өөрийнхөө үнэ цэнийг өөрөө мэдэрч сурах юм бол? Чи амжилтад хүрчээ. Чи олон зүйл сурч, чадвараа хөгжүүлжээ. Хүмүүс чамайг үнэлж, хүлээн зөвшөөрчээ. Тэгээд? Энэ бүх мэдлэг, чадвараа чи юунд зориулах юм бэ? Хайр түгээхэд үү? Асуудал шийдэхэд үү? Өөрийн дуртай зүйлээ бүтээхэд үү? Эсвэл дэлхий дахинд өөрийгөө ямар мундаг хүн болохыг дахин дахин батлахад уу? Магадгүй жинхэнэ өсөлт гэдэг улам олон шагнал авч, улам олон хүнд хүлээн зөвшөөрөгдөхдөө биш байх. Харин бусдын үнэлэмжээс үл хамааран өөрийн үнэ цэнийг мэдэрч, эзэмшсэн мэдлэг, чадвараа юунд зориулахаа ухамсарлахад оршдог байх. Өөрийгөө батлах шаардлагагүй болсон ч сурсаар, бүтээсээр, хөгжсөөр байх. Хэн ч алга ташаагүй байсан ч хийж буй зүйлээсээ утга учир олж харах. Хэн ч хараагүй байсан ч өөрийнхөө хийсэн зүйлээр бахархаж чаддаг байх. Магадгүй жинхэнэ төлөвшил гэдэг энэ байх. This is a public episode. If you would like to discuss this with other subscribers or get access to bonus episodes, visit zusmee.substack.com

    Бид хэзээ жинхэнээсээ том болох вэ?
  2. Oct 13

    Өөрийгөө сонсох

    Хүнд өөртэйгөө байх, өөрийнхөө бодлыг сонсох цаг хэрэгтэй байдаг тухай Виктор Франклын “Man’s Search for Meaning” номд гардаг. Энэ үг ямар үнэн болохыг сүүлийн үед өөрийн биеэр мэдэрч байна. Насаараа ганцаараа амьдарч үзээгүй миний хувьд сүүлийн гурван сар гав ганцаараа амьдарсан нь амьдралын минь хамгийн хэцүү даваануудын нэг байсан хэрнээ өөртөө хамгийн их итгэлтэй болж ирсэн үе байлаа. Учир нь ганцаараа амьдрахаар бүх хариуцлагыг өөрөө үүрэхээс өөр аргагүй болдог юм байна. Тэр хэрээрээ урьд нь хийж үзээгүй, мэддэггүй байсан олон зүйлээ сурах шаардлага гарна. Наад зах нь гэрийн ойр зуурын эвдэрсэн, хэмхэрсэн зүйлсийг өөрөө хадаж, нааж, засаж сурна. Цаашлаад санхүү, даатгал, гэр ахуйн асуудал гээд толгой дээр буух элдэв хариуцлагыг өөрөө зохицуулах хэрэгтэй болно. Өнгөрсөн хэдэн сар үнэхээр олон зүйлийг өөрөө учрыг нь олж, шийдэж, зохицуулсан сарууд байлаа. Харин сонирхолтой нь, аливаа зүйлийн учрыг олоод, мэдээд ирэхээр айхаа больдог юм байна. Урьд нь мэдэхгүй болохоор сүрдмээр санагддаг байсан зүйлс нэг л мэдэхэд хийж болдог, шийдэж болдог асуудлууд болж хувирна. Тэгэх тусам улам л дайраад баймаар, улам л зүтгээд баймаар санагдаж, хаанаас ч юм эрч хүч ундарч байлаа. Өөрийнхөө шантрах хязгаарт тултал явж үзмээр, хэр ихийг хийж чадахаа мэдмээр санагддаг болсон. Гэтэл саяхан аав, ээж хоёр маань эргэн ирж, надтай хамт амьдрахаар боллоо. Эхэндээ ч санаа амарлаа. Ашгүй гэрийн хоол идэх боломжтой боллоо. Ашгүй гэр маань хүнтэй, амьтай, дулаахан боллоо. Ганцаараа үүрч байсан зарим хариуцлагаас ч хөнгөрөх боломж гарлаа. Гэтэл нэг л мэдэхэд өөрийнхөө бодлыг сонсож чадахаа больчихсон байв. Толгой доторх бодлууд маань өөрийн хүсэл, сонирхол, хийхийг хүссэн зүйлсээс илүүтэй хажуу дахь хүмүүсийн тав тух, хэрэгцээг бодоход чиглэж эхэлсэн байлаа. Тэгээд л өөртөө ч ойлгомжгүйгээр бухимдаж, бачуурч эхлэв. Өөр юу ч бодож чадахаа больсон мэт санагдсан нэг өдөр гэрээсээ гарч, ой модоор ганцаараа алхлаа. Тэгтэл ямар сайхан байсан гээч. Өөрийнхөө бодлыг эргээд сонсож эхлэв. Толгойд элдэв сонин санаа орж ирнэ. Нэг бодлоос нөгөө бодол ургана. Хэн нэгний хэрэгцээнд анхаарлаа хандуулах шаардлагагүй, хэн нэгэнд хариу өгөх албагүй. Зүгээр л өөртэйгөө байх тэр мэдрэмж ямар их таашаал өгдгийг дахин саналаа. Тэгээд нэг зүйлийг ойлгов. Хүн үргэлж бусадтай хамт байх албагүй юм байна. Бас үргэлж ганцаараа байх ч шаардлагагүй. Ганцаараа байх хугацаа надад бие дааж, өөртөө итгэж сурах боломж өгсөн бол бусадтай хамт байх нь халуун дулаан харилцаа, түшиг тулгуур ямар үнэ цэнтэйг мэдрүүлж байна. Эцсийн эцэст аль нэгийг нь сонгох тухай биш, харин хоёуланд нь өөрийн гэсэн орон зай гаргаж, тэнцвэрийг нь олж сурах тухай юм байна. This is a public episode. If you would like to discuss this with other subscribers or get access to bonus episodes, visit zusmee.substack.com

  3. Oct 7

    Хоёр нохой

    Instagram дээр шал дэмий цаг үрээд байгаагаа мэдсээр байж өөрийгөө барьж дийлэхгүй, орой орондоо ороод баахан scroll хийдэг юм л даа. Тэгсэн чинь саяхан нэг нохой хүмүүжлийн бичлэгээс аймар чухал юм сурчихсан байгаагаа анзаарлаа. Тэр бичлэг дээр өөр өөр эзэнтэй, хоёулаа anxious, аймхай хоёр нохойг харьцуулж байсан юм. Олон нийтийн газраар явахаараа айгаад, чичрээд байдаг нохойнууд. Эхний нохойных нь эзэн нохойгоо хэт аймхай болохоор нь public газруудаар огт авч явдаггүй. Гэрт нь, тайван аюулгүй орчинд нь байлгадаг. Харин хоёр дахь нохойных нь эзэн бага багаар public газруудаар авч явна. Хэт их айсан үед нь суух command өгч тайвшруулаад, тайвширсных нь дараа цааш үргэлжлүүлэн алхана. Өөрөөр хэлбэл, айдсаас нь хамгаалаад холдуулаад байгаа юм биш. Бага багаар айдастай нь нүүр тулгуулж, тэр үед өөрийгөө яаж тайвшруулах, яаж тухайн нөхцөл байдлыг даван туулахыг нь зааж өгч байгаа юм. Энэ хоёр нохойноос аль нь урт хугацаандаа илүү өөртөө итгэлтэй, тайван, аз жаргалтай нохой болох вэ? Мэдээж хоёр дахь нь. Энэ чинь бусад бараг бүх зүйлтэй холбогдож болох маш том сургамж биш гэж үү? Бид хэцүү нөхцөл байдалд орохоос айгаад, үргэлж холуур тойроод байвал тухайн мөчдөө мэдээж тайван байна. Айдас ч мэдрэхгүй. Өвдөх ч үгүй. Гэхдээ айдаг зүйлс маань аймшигтай хэвээрээ үлдэнэ. Тэгээд бидний амьдрал аажмаар айдсаа тойрч явсаар улам жижигхэн болно. Гэрээсээ гарч чадахгүй аймхай нохой шиг. Харин эсрэгээрээ бага багаар хэцүү зүйлстэйгээ нүүр тулаад, туулах явцдаа яаж давж гарах арга барилаа хэн нэгний дэмжлэгтэйгээр сурч чадвал яах вэ? Тэр хүн өөртөө ямар их итгэлтэй болох бол? Жишээ нь, харилцаанаас маш хүнд heartbreak авсан хүн байна гэж бодъё. “Хайр гэдэг чинь ийм их өвддөг юм байна” гээд дахиж хэзээ ч болзоонд явахгүй байж болно. Эсвэл нэг удаа зориглоод болзоонд явсан ч anxiety нь хөдлөөд, “үгүй ээ, би үүнийг дахиж хийж чадахгүй юм байна” гээд буцаад хаагдаж болно. Эсвэл бүр өвтгөхгүй, аюулгүй санагдсан хүнийг сонгож болно. Тэр хүндээ чин сэтгэлээсээ хайртайдаа биш, зүгээр л хамт байхад тухтай, алдах вий гэх айдас бага учраас. Тэгээд насаараа roommate шиг хамт амьдарсаар өнгөрвөл яах вэ? Өөр нэг зам ч байна. Heartbreak авсан хэвээрээ. Дахиад өвдөж магадгүй гэдгээ ч мэдэж байгаа. Гэхдээ айдсаа байхгүй болохыг хүлээхийн оронд, айдастайгаа яаж харьцахаа сурна. Магадгүй therapist-тай уулзана. Anxiety хөдлөх үед өөрийгөө яаж тайвшруулах, ямар бодолдоо итгэхгүй байх, хэзээ хил хязгаараа тогтоох, хэзээ үргэлжлүүлээд үзэхээ сурна. Тэгээд айж байсан ч дахиад болзоонд явна. Дахиад. Дахиад. Нэг мэдэхэд өмнө нь аймшигтай санагддаг байсан зүйл нь тийм ч аймшигтай биш болчихсон байна. Магадгүй тэр замынхаа төгсгөлд яг зөв хүнээ олж, чин сэтгэлээсээ хайрлаж, хайрлагдах боломжтой болно. Ер нь бидэнд ийм л хоёр зам байдаг юм шиг. Нэг нь айдсаасаа зугтаж, өөрийгөө хамгаалсаар амьдралаа улам жижигсгэх. Нөгөө нь айж байсан ч бага багаар нүүр тулж, туулах бүрдээ өөрийгөө авч гарах чадвартайгаа мэдэж авах. Өөртөө итгэх итгэл гэдэг магадгүй айхаа болихыг хэлдэггүй байх. Айсан ч гэсэн өөрийгөө авч гарч чадна гэдгээ мэддэг болохыг хэлдэг байх. This is a public episode. If you would like to discuss this with other subscribers or get access to bonus episodes, visit zusmee.substack.com

    Хоёр нохой
  4. Sep 26

    Борлуулалт | Blog

    Ажлын шугамаар “sales” гэдэг агуу чадварт суралцаж явна даа. Эцсийн зорилго маань хүний дор насан туршдаа ажиллахгүй, өөрийн гэсэн зүйлээ бий болгох. Тийм болохоор sales-д хэрэгтэй, хэрэггүй суралцах биш, хэзээ нэгэн цагт зайлшгүй хэрэг болох чадвар гэж хардаг болсон. Naval Ravikant-ийн хэлсэн нэг үг санаанаас ер гардаггүй юм. “Learn to sell. Learn to build. If you can do both, you will be unstoppable.” Хүссэнээрээ амьдарч, санхүүгийн хувьд эрх чөлөөтэй болохын тулд ердөө хоёр зүйлд сайн суралцах хэрэгтэй: хийж бүтээх, борлуулах. Хийж бүтээх тал дээр бол өөртөө итгэлтэй. Өмнө нь олон төрлийн ажил хийж байсан. Ялангуяа контент бүтээх ажлыг бараг бүх талаас нь хийж үзсэн. Ярилцлага авна, бичлэг эвлүүлнэ, нийтлэл бичнэ. Гараасаа юм гаргаж, хоосон зүйлээс ямар нэгэн зүйл бий болгож чаддаг гэдгээ мэддэг. Харин “sales” гэхээр л гэдэс мушгиралдаад, холуурхан явмаар санагддаг байлаа. Хэн нэгэн надад юм зарах гээд дайрч, шахаж, авахаас нааш янз бүрийн арга хэрэглээд байхад би үнэхээр дургүй. Заримдаа мэдээллээ хүртэл дутуу, буруу өгнө. Ямар ч хамаагүй аргаар “авхуулчих” гэсэн тэр тактик надад хэзээ ч таалагддаггүй байсан. Тийм ч учраас “sales” гэдэг үг өөрөө надад нэг их үнэ цэнтэй сонсогддоггүй байв. Гэвч Naval Ravikant-ийн номыг уншиж байхдаа борлуулах чадвар ямар чухал болохыг ойлгосон. Хэзээ нэгэн цагт заавал сурах ёстой чадвар юм байна гэж бодсоор өдийг хүрчээ. Магадгүй өөрийн гэсэн зүйл босгох хүсэл маань sales-д дургүй тэр мэдрэмжээс илүү хүчтэй байсан байх. Тэгээд яг sales-ийн ажил хийгээд эхэлтэл миний бодож байснаас тэс өөр зүйл байлаа. Sales гэдэг бол сонсох. Тэгээд сонголт өгөх. Эхлээд хүнийг тухтай байлгана. Нүдний харц, хоолойны өнгө, биеийн хэлэмж гээд бүх зүйл эндээс эхэлнэ. Дараа нь найзууд шиг ярилцана. Нээлттэй асуулт асуугаад сонсоно. Хүн жаахан нээгдээд ирэхээр нь хэлсэн зүйлээс нь барьж аваад цааш асууна. “Та сая ингэж хэллээ. Тэгвэл энэ нь яг ямар учиртай вэ?”, “Одоогийнхоо бүтээгдэхүүний юунд хамгийн дуртай вэ?”, “Харин юуг нь өөр байгаасай гэж хүсдэг вэ?” гэх мэт. Ингээд хэд хэдэн удаа давтаж, зөвхөн сонсогчийн үүргийг гүйцэтгэнэ. Нэг ёсондоо мэдээлэл цуглуулж байгаа хэрэг. Хангалттай сонссоны дараа л өөрт байгаа мэдээллээ тухайн хүний хэлсэн зүйлтэй холбож эхэлнэ. “Та ингэж хэлсэн. Тэгэхээр танд энэ сонголт илүү тохирч магадгүй” гэх мэтээр. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Сонголт тухайн хүнийх хэвээрээ үлдэх ёстой. “Таны хэлсэн зүйлтэй холбоотой нэг мэдээлэл өгч болох уу?”, “Танд тохирч магадгүй хэдэн сонголт хэлье”, “Гэхдээ эцсийн шийдвэр мэдээж таны сонголт” гэж хэлнэ. Энэ зарчмыг би саяхан нэг үйлчлүүлэгчтэй ажиллахдаа бүр сайн ойлгосон юм. Испани хэлтэй нэг эмэгтэй орчуулагчтайгаа хамт орж ирээд iPhone 18 Pro авмаар байна гэлээ. Гэхдээ яг эцсийн шийдвэрээ гаргаагүй, өөр сонголтуудад ч нээлттэй байсан. Тэгээд би асууж эхэллээ. Одоо ямар утастай вэ? Утсаа юунд хамгийн их ашигладаг вэ? Одоогийн утасныхаа юунд дуртай, юунд дургүй вэ? Шинэ утсаараа юу хийхийг хүсэж байна? Яриад байтал тэр зураг маш их авдаг хүн байлаа. Харин одоогийн утас нь 64GB багтаамжтай, storage нь аль хэдийн дүүрчихсэн. iCloud storage ашиглахыг ч хүсдэггүй. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь тодорхой болов: утасных нь өөрийн багтаамж. Одоо сонголтоо цааш нарийсгана. Ямар төрлийн зураг авах дуртай вэ? Холын юмны зургийг ойртуулж авах нь хэр чухал вэ? Камеруудыг нь бүр харьцуулж үзүүллээ. Тэгтэл zoom түүнд бараг хэрэггүй байв. Ихэвчлэн гэр бүл, өдөр тутмын амьдралынхаа зургийг авдаг хүн байлаа. Ингээд хангалттай мэдээлэл авсныхаа дараа сонголтуудыг нь тайлбарлав. “Танд заавал 18 Pro хэрэгтэй юм шиг санагдахгүй байна. 17 ч байж болно. Камер нь таны хэрэгцээнд хангалттай сайн. Харин Pro дээрх зарим feature-ийг та бараг ашиглахгүй юм байна. Оронд нь storage-аа 256GB-аас 512GB болгоод авчихвал танд илүү хэрэгтэй байж магадгүй.” Ингэснээр дараагийн тав, зургаа, магадгүй түүнээс ч олон жил зураг, бичлэгийн багтаамж дээр санаа зовохгүй явах боломжтой. “Мэдээж хүсвэл 18 Pro авч болно. Би зүгээр л таны хэлсэн зүйл дээр үндэслээд аль сонголт нь танд илүү тохирохыг тайлбарлаж байна. Эцсийн сонголт таных” гэж хэлэв. Тэр 17-г сонгосон. Утсаа авсных нь дараа би манай олон ажилтан ч 17-г хэрэглэдэг, найдвартай, чадварлаг утас гэж үздэг гэдгийг хэлтэл бүр ч их баярлав. Явахдаа үнэхээр баярласан харагдаж байсан. Надтай гар бариад гарсан. Тэр мөчид би sales-ийг арай өөрөөр ойлгосон. Би тэр өдөр хамгийн үнэтэй бүтээгдэхүүнийг зараагүй. iPhone 18 Pro зарж болох байсан. Илүү өндөр багтаамжтай Pro санал болгож ч болох байсан. Богино хугацаанд харвал илүү их мөнгөний борлуулалт хийх боломж байсан. Гэхдээ би “Яаж илүү үнэтэй зүйл зарах вэ?” гэж бодоогүй. “Энэ хүнд яг юу хэрэгтэй вэ?” гэж бодсон. Энэ хоёр асуултын хооронд маш том ялгаа байдаг юм байна. Хэрэв хүн нэг удаа танайхаас юм аваад, дараа нь “Надад хэрэггүй юм шахчихсан байна” гэж бодвол та нэг борлуулалт хийсэн байж болно. Харин хүн “Эд нар надад хамгийн үнэтэй юмаа зарах гэж оролдоогүй. Надад хэрэгтэй зүйлийг олоход тусалсан” гэж бодоод гарвал өөр зүйл бий болдог. Итгэл. Тэр хүн дараа нь дахиад ирж болно. Гэр бүлдээ хэлж болно. Найздаа санал болгож болно. “Тийшээ оч. Тэд чамд юм шахахгүй. Чамд яг юу хэрэгтэйг олоход тусална” гэж хэлж болно. Нэг удаагийн ашгаас татгалзсан мэт харагдавч урт хугацаандаа хэд дахин үнэ цэнтэй харилцаа бий болгож байгаа хэрэг. Тэгээд л нэг юм ойлгосон. Миний дургүй байсан зүйл sales биш байж. Шахалт байсан юм байна. Хүнийг ятгаж, хүсээгүй зүйлийг нь авахуулах нь sales биш. Сайн sales гэдэг хүнийг анхааралтай сонсох, хэрэгцээг нь ойлгох, өөрийн мэддэг зүйлээрээ түүнд боломжуудыг нь тодорхой харуулах. Тэгээд эцэст нь сонголтыг нь өөрт нь үлдээх. Магад

    Борлуулалт | Blog
  5. Sep 15

    Санах | Blog

    Санах мэдрэмж их сонин. Санаад л байна. Тэр нь нэг тийм low-key өвдөлт байгаа байхгүй юу. Because you’re longing for something you don’t have… and cannot have. Тэгээд тэр өвдөлттэйгөө удаан яваад л байхаар сүүлдээ бүр дасчихдаг юм шиг. Нэг есондоо тэр нь сэтгэлзүйн гэр болчихдог…Тухтай, дассан, тогтмол, найдвартай. Тэгсэн мөртлөө нэг өдөр шийдэл нь гараад ирэхээр, хүсэж байсан зүйлээ авах боломжтой болоод ирэхээр, яагаад ч юм тэр өөрчлөлтийг хүсэхгүй. Би чинь энийг л хүсээд байсан биз дээ? Тэгээд яагаад одоо боломж нь гараад ирэхээр хуучин өвдөлтөө сонгоод байгаа юм? Ер нь бодоод байхад би дандаа л өөрт байхгүй юмаа хүсэж, хүлээж, мөрөөдөж явдаг байсан. Тэгээд хүссэн зүйлээ бодитоор авахын оронд холоос санаж, хүсэж явах нь надад илүү амар байдаг бололтой. Because then авсан ч… what if I get rejected by the object/subject itself? Or what If I don’t like it? Харин холоос санаж явахад rejection байхгүй. Мөрөөдөж болно. Төсөөлж болно. “Магадгүй” гэдэгтээ үлдэж болно. Гэхдээ яг энэ thought process маань миний дуусдаггүй зовлонгийн нэг шалтгаан. Би rejection-с өөрийгөө хамгаалж байна гэж боддог. Гэтэл үнэндээ нэг удаагийн rejection-аас зугтахын тулд longing-ийг сонгоод, өөрийгөө илүү удаан өвтгөж явдаг. Нэг удаагийн “үгүй”-гээс айгаад, хязгааргүй “магадгүй”-д амьдардаг. This is a public episode. If you would like to discuss this with other subscribers or get access to bonus episodes, visit zusmee.substack.com

    Санах | Blog
  6. Sep 3

    Цэгц | Blog

    Та нар ямар нэгэн зүйл ажиллаж байгааг хараад “Энэ л амьдралын түлхүүр юм байна” гэж боддог уу? Надад нэг тийм obsessive тал байдаг юм шиг байгаа. Ямар нэгэн зүйл миний амьдралд хэрэг болж эхлэхээр би тэрийг тэр чигт нь “Энэ л бүх зүйлийн түлхүүр юм байна” хэмээн туйлшран боддог. Одоо бодоод байх нь ээ, амьдралынхаа бүх үе шатанд ямар нэг mentality-г “амьдралын түлхүүр” гэж харж байсан юм байна. Жишээ нь, ном унших зуршлыг бүх юмны түлхүүр гэж бодсон үе бий. Present байхыг бүх зүйлийн түлхүүр гэж бодсон үе бий. Discipline-тэй байхыг бүх зүйлийн түлхүүр гэж бодсон ч үе бий. Мэдээж “хайр”-ыг бүх зүйлийн түлхүүр гэж хүчтэй итгэсэн үе байгаа. Магадгүй одоо ч адил. Аливаа юмыг чинь зүрхнээсээ л хийвэл, үйлдвэл, хандвал, тэгээд л болоо. Ер нь if things get complicated, go back to basics гэдэг шд. Түүнчлэн амьдрал тийм ч хэцүү биш бөгөөд basic зүйлүүд дээрээ л анхаарсан байхад бусад нь болно доо гэж өөрийгөө аргадах. Бодол дотроо амьдралыг амарчлах гэсэн залхуурал гэх үү, мунхаглал гэх үү, эсвэл зүгээр сониуч байдлаас гарсан шийдлүүд гэх үү. Ямартаа ч яг одоогийн энэ үе мөчлөгт юу чухал гэдгийг мах цусандаа шингэтэл ойлгоод байна вэ гэхээр Organization. Цэгц. Эхнээс нь тайлбарлая. Би багадаа жаахан замбараагүй байсан. Маш их эд хогшилтой. Minimalist гэж байдаг бол би maximalist байсан. Учир утгагүй баахан эд зүйл аваад байдагтаа биш, зүгээр л юм хаяж чаддаггүй байсан. Бүх юмнаасаа амьдрал минь тэрнээс хамааралтай аятай зуурдаг байсан. Тийм ч болохоор нэг их юмтай. Гэрт хүмүүс ирвэл цэгцтэй харагдуулж чаддаг ч шкафны цаана, хаалганы цаана аймшиг байдаг байсан. Хүмүүс гэрт ирнэ гэвэл хүмүүст харагдах хэсгүүдийг нь цэмбийтэл цэвэрлэж зүлгээд, замбараагүй харагдаж байгаа зүйлүүдээ ердөө нүднээс л далд оруулчихна. Тэр цаанаа ямар замбараагүй байгаа нь нэг их хамаагүй. Гол нь харагдахгүй байхад л болно. Гэтэл тэр нь эцэстээ өөрт минь ямар сэтгэгдэл төрүүлдэг байсан бэ гэхээр, би болон миний гэр бусдад хэдий гоё сайхан харагдаж байгаа ч яг үнэндээ тийм биш шүү дээ. I’m a fraud гэдэг ч юм уу, гүний гүнээсээ өөртөө итгэлгүй байдалд хүргэж байгаа юм. Харин саяхан өөрийгөө нэг юм дээр анзаарлаа. Ганцаараа амьдарч эхлээд удаагүй, гэрээ эхнээс нь янзалж байсан үе. Тэгтэл найзууд маань гэрт ирэхээр болов. Нэлээн бэлтгэх, panic-дах боломж гарч ирсэн юм л даа. Энерги, цаг, мөнгө бүгд хязгаартай. Тэгэхээр надад хоёр зүйлийн аль нэг дээр төвлөрөх сонголт байсан. Нэг бол найзуудын нүдэнд харагдах хэсгүүд дээр төвлөрч гэрээ илүү тохилог болгож, гоё харагдуулах. Ядаж TV, sofa худалдаж авах. (Хуучин байсныг нь нүүж магад гээд зарчихсан юм.) Аль эсвэл тэдний нүдэнд харагдахгүй, хэзээ ч харахааргүй хэрнээ надад өөрт минь өдөр болгон харагддаг, өдөр тутмын амьдралд минь нөлөөлдөг зүйлүүдээ цэгцлэх. Жишээ нь шкафанд далд байгаа оймс, дотуур хувцас, computer-ийн төрөл бүрийн утаснууд, accessories, бичиг цаас, шургуулганд нуугдаж байгаа тэр бүх далд зүйлүүд. Тэгээд найзууд гэрт зочлох сургаар өөрийн мэдэлгүй эхлээд далд байгаа, өөрт маань нөлөөлөх зүйлүүдээ цэгцлээд байгаагаа анзаарав. Яагаад гэвэл бодол дотроо өөрөө өөртөө цэгцгүй, замбараагүй байвал бусдад ямар харагдсан ч ямар хамаатай юм? Хэчнээн гоё сайхан гэртэй байлаа гээд шургуулга тэр чигтээ замбараагүй байвал яг what’s the point? Хэнийг яагаад хуураад байгаа юм? Харин нүдэнд үл харагдах ч надад чухал зүйлүүд маань цэгцтэй байвал my mind will be clear. Тэгээд I can better host my friends. Магадгүй тэр energy нь илүү чухал байсан юм болов уу? Өөртөө үнэнч байдал маань өөртөө итгэх итгэл өгөөд, эсрэгээрээ хэчнээн гэр тавилгагүй, хоосон байсан ч чадахаараа найзуудыгаа тав тухтай байлгаж чадсан болов уу гэж бодсон. Эсрэгээрээ гэр маань аймар гоё харагдлаа гээд би өөрөө дотроо өөртөө итгэлгүй байсан бол тэр energy бас л нэг өөр тийшээ зүглэх байсан биз? Тэгээд бас нэг анзаарсан юм нь, цэгцтэй болоод ирэх тусам өөрт яг юу хэрэгтэй, тэр нь хаана байгааг мэддэг болдог юм байна. Энэ их жижигхэн юм шиг хэрнээ надад бол их юм өөрчилсөн. Юмнууд чинь цэгцгүй байхаар яг юу байгааг, юу байхгүйг өөрөө ч мэдэхгүй шд. Тэгэхээр “Энэ дараа хэрэг болж магадгүй.” “Надад ийм юм байгаа билүү?” “Байхгүй ч юм билүү, хадгалчихъя.” гээд л юм болгон дээр зууралдаад хэрэггүй юмнуудаа хүртэл хадгалаад байдаг. Тэгээд мэдэхгүй байгаа болохоороо дахиад авна. Байгаа юмаа байхгүй гэж бодоод авна. Хэрэггүй юмаа “дараа хэрэг болж магадгүй” гээд хадгална. Тэгээд л новш цуглараад байдаг юм байна. Харин цэгцтэй болоод ирэхээр юмнуудаа маш энгийнээр ангилж чаддаг болдог юм байна. Байгаа юу? Байхгүй юу? Яг одоо хэрэгтэй юу? Хэрэггүй юу? Байгаа бол хаана байгааг нь мэднэ. Байхгүй бөгөөд хэрэгтэй бол авна. Хэрэггүй бол хадгалах шаардлагагүй. Тэгээд “нэг өдөр хэрэг болж магадгүй” гэсэн шалтгаанаар юм болгоноос зуураад байхаа больж байгаа юм. Ер нь нэг ёсондоо аливаа юмнаас “detached” болоод байгаа гэсэн үг. Юмтай байхдаа ч зууралдахгүй. Хэрэггүй болсон бол явуулчихна. Хэрэгтэй бол хэрэглэнэ. Хаана байгааг нь мэднэ. Тэгээд болоо. Тэр нь эргээд сэтгэл санаанд хүртэл нөлөөлдөг юм байна. Сэтгэл хөнгөрнө. Амар тайван болно. Өөртөө ч илүү итгэлтэй болно. Яагаад гэвэл өөрийнхөө амьдралд яг юу байгаа, юу байхгүй, юу хэрэгтэй, юу хэрэггүйг мэдэж байна. Нэг ёсондоо цэгц гэдэг нь юмнуудаа control-дох тухай гэхээсээ илүү юмнууд чамайг control-дохоо болих тухай ч юм шиг. Тэгээд ер нь бодоод байхад цэгц байжийж л ажлууд сайн бүтдэг юм шиг. Жижиг project-ууд томрох боломжтой болдог юм шиг. Amazon, Warner Bros., Apple, Cheesecake Factory гээд Америкийн том том компаниуд ямар аймшигтай цэгцтэй байдаг гэж бодно? Би эдгээр компаниудад мэргэжлийн бус байдлаар, доороос нь ч болтугай ажилтнаар нэвтэрч ороод дотор нь яг юу болдгийг зах зухаас нь ч болтугай сүүлийн дөрвөн

    Цэгц | Blog
  7. Aug 28

    Finding My Spark Again | Blog

    Сайн уу? Муу юу? Ойрд сэтгэл санаа нь хэр байна даа? Хэрвээ нэг л таагүй, утгагүй, үхмэл санагдаад байгаа бол үргэлжлүүлээд уншаарай. (Сонсож байгаа бол сонсоорой.) Подкаст эхлүүлнэ гэж дээр үеэс ярьж явсан дүүтэйгээ саяхан ярьсан нэг ярианаас энэ бичвэр эхэлсэн юм. Бид хоёр анхны дугаараа бараг зургаан сарын өмнө биччихсэн байсан хэр нь цацалгүй хадгалсаар, саяхан л гаргаж эхэлсэн. Яагаад тэгтлээ удсан бэ гэвэл зөндөө шалтгаан бий. Завгүй байна. Ажлын хуваарь тогтворгүй байна. Энергигүй байна. Одоо цаг нь биш байна. Өөрсдөдөө янз бүрийн шалтгаан тоочсоор өдийг хүрсэн. Гэхдээ яг үнэндээ би зүгээр л айж байсан юм шиг байгаа юм. Дахиад нэг төсөл эхлүүлчихээд тууштай байж чадах болов уу? Fail-двал яана? Хүмүүс юу гэж бодох бол? Миний мэддэг, мэддэггүй янз бүрийн айдас дотор овоорчихсон байсан. Одоо эргээд бодоход тэр нь ганц айдас ч биш байж. Өөртөө итгэлгүй байдал, гуниг, сөрөг бодлууд, бөглөрчихсөн юм шиг тархи, сэтгэл — бүгд хоорондоо орооцолдчихсон байсан юм шиг. Харин саяхан Мишкатай подкастынхаа талаар ярьж, янз янзын санаа шидэлцээд, Instagram-аар нэг нэгэндээ reels явуулж, “Ингэвэл ямар вэ?”, “Энийг туршвал гоё юм биш үү?” гээд ярьж байхдаа нэг юм анзаарсан. Би маш их жаргалтай байсан. Мишка ч гэсэн адилхан. Бид хоёрын “spark” эргээд асчихсан байсан. Юун сэтгэл гутрал. Юун бөглөрсөн тархи, зүрх. Гэнэт л ертөнц нээлттэй, хязгааргүй санагдаж эхэлсэн. Яг тэр үед өмнө нь харж байсан нэг reels санаанд оров. Хүн өөрийгөө илэрхийлэхгүй удахаараа дотроо хямарч эхэлдэг. Харин ямар нэгэн хэлбэрээр өөрийгөө илэрхийлж эхлэхээр тэр хямралаас гардаг гэсэн утгатай байсан. Тэгээд өөрийгөө ажиглаад бодлоо. Би өөрийгөө чөлөөтэй илэрхийлж байгаа үедээ аз жаргалтай байдаг юм байна. Шинэ санаа ундарч байгаа үедээ. Тэр санаануудаа бодит болгож чадна гэдэгтээ итгэж байгаа үедээ. Тэр үед би хамгийн их амьд байдаг юм байна. Сүүлийн үед бас нэг өгүүлбэр миний толгойд байнга эргэлддэг болсон. “Үхэж болно. Гэхдээ эхлээд амьдармаар байна.” Яагаад ч юм энэ үг намайг subconsciously чиглүүлээд байгаа юм шиг. Тэгээд өөрөөсөө асуулаа. Юу намайг амьд мэдрүүлдэг вэ? Хариулт нь: санаа. Шинэ санаа төрж, ямар нэгэн зүйл хиймээр санагдах үед би хамгийн их амьд байгаагаа мэдэрдэг. Бичмээр, яримаар, бүтээмээр санагдах тэр мэдрэмж л намайг амьдруулдаг юм байна. Гэхдээ сонин нь санаа өөрөө хаанаас ч юм гэнэт ирээд байдаггүй юм байна. Санаа улам их ундардаг үе нь — би тэр санаануудаа хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэсэн үе. Харин тэр итгэл хаанаас ирдэг вэ? Ямар нэгэн жижиг санаагаа бодитоор хэрэгжүүлэх эхний алхмаа хийснээс эхэлнэ. Жишээ нь, Substack дээр удаан хугацаанд юм бичээгүй байж байгаад анхны бичвэрээ нийтлэх зориг надаас чүү ай гарсан. Гэхдээ нэгэнт нийтэлчихсэн чинь дараагийн санаа нь гарч ирсэн. Тэгээд дараагийнх нь. Дараагийнх нь. Бүтээх тусам бүтээмээр санагдсан. Өөрийгөө илэрхийлэх тусам улам их зүйл хэлмээр санагдсан. Энэ мэдрэмж надад нэг зүйлтэй их адилхан санагддаг. Удаан хугацаанд чив чимээгүй, дотроо бүхнээ хадгалж байгаад гэнэт нэг их тухтай мэдрэмж төрүүлдэг хүн гарч ирээд, чамайг үнэхээр анхааралтай сонсоод эхлэхээр яадаг билээ? Эхлээд жаахан юм ярина. Тэр хүн анхааралтай сонсоно. Тэгэхээр нь дахиад жаахан нээгдэнэ. Тэгсээр байгаад нэг мэдэхэд хамаг амьдралаа ярьчихсан байдаг. Тэгээд эцэст нь ямар гоё хөнгөрдөг билээ. Бүтээх надад яг тийм мэдрэмж өгдөг юм байна. Би нэг жижиг зүйл гаргаж тавихад ертөнц надад “За, үргэлжлүүлээд ярь” гэж байгаа юм шиг. Тэгээд улам л нээгдэнэ. Улам их санаа төрнө. Улам амьд болно. Энд бас нэг чухал зүйл байна. Энэ бүхнийг хийхдээ үр дүн нь юу болох вэ гэдэг дээр эхэндээ битгий төвлөрөөсэй гэж бодож байна. Хэдэн хүн унших бол? Хүмүүст таалагдах болов уу? Амжилттай болох уу? Мөнгө олох уу? Би үүнийг тууштай хийж чадах уу? Тэр бүхэн одоохондоо гол нь биш. Бүр цаашдаа юу болохыг нь мэдэх ч шаардлагагүй. Эхлээд зүгээр л хий. Өөрийгөө илэрхийл. Яагаад гэвэл миний ойлгосноор гол утга нь үр дүндээ биш, хийж байгаа үйл явцдаа байдаг юм байна. Санаагаа дотроо хадгалах биш, ямар нэгэн хэлбэрээр гадагш нь гаргаж, бодит болгож байгаа тэр үйлдэл өөрөө чухал юм байна. Тэрийг хэн нэгэн харах эсэх, амжилттай болох эсэхээс өмнө — та өөрөө өөрийгөө илэрхийлчихсэн байна. Тэгээд магадгүй яг тэр үйлдэл өөрөө л дотор унтарчихсан байсан юмыг эргээд асаадаг байх. Тийм болохоор энэ бүхнийг яагаад бичээд байна вэ гэхээр: Хэрвээ та ямар нэгэн юм эхлүүлмээр байгаа хэр нь айгаад байгаа бол — айсан ч хийгээд үзээсэй гэж хэлмээр байна. Заавал бизнес эхлүүлэх, подкаст хийх, том төсөл босгох албагүй. Бичиж болно. Ярьж болно. Зурж болно. Дуулж болно. Хоол хийж болно. Гэрээ тохижуулж болно. Ямар нэг юм гараараа бүтээж болно. Удаан бодож явсан жижиг санааныхаа эхний алхмыг хий. Тэгээд яах бол гэж одоохондоо битгий бод. Зүгээр л хий. Яагаад гэвэл тэр хүсээд байгаа зүйл чинь зүгээр нэг “хиймээр байгаа юм” биш ч байж магадгүй. Магадгүй тэр нь таны өөрийгөө илэрхийлэхийг хүсэж байгаа хэлбэр. Хэрвээ амьдрал ерөнхийдөө хэвийн байгаа ч нэг л юм дутуу санагдаад байвал, эсвэл яагаад ийм бөглөрчихсөн, унтарчихсан юм шиг байгаагаа ойлгохгүй байвал — магадгүй өөрийгөө илэрхийлэх зай танд дутаад байгаа ч юм билүү. Мэдэхгүй. Гэхдээ нэг хийгээд үз. Жижигхэн юмнаас эхэл. Үр дүнг нь түр март. Хийхдээ л төвлөр. Өөрийгөө илэрхийлэхдээ л төвлөр. Тэгээд spark нь асах нь уу, үгүй юу шалгаад үз. ;) This is a public episode. If you would like to discuss this with other subscribers or get access to bonus episodes, visit zusmee.substack.com

    Finding My Spark Again | Blog
  8. Aug 18

    Хэлээ хольж ярьлаа гэж шүүмжилсэн хэнбугайд. | Blog

    Эртээр нэг видео харлаа. Бодогдоод болдоггүй. Нэг Монгол эмэгтэй Facebook дээр, “Англиар ярих гэж байгаа бол англиараа л ярь. Монголоор ярих гэж байгаа бол монголоороо ярь. Нэг өгүүлбэр дотор хоёр хэл битгий холь.” гэж хэлж байсан. Яг үг бүрийг нь санахгүй байна. Харин надад ямар мэдрэмж төрүүлснийг нь маш сайн санаж байна. Видео нь вирал болсон байсан. Комментын араас коммент.Бүгд л дэмжинэ. Харин би утасныхаа дэлгэцийг ширтээд хэвтэхэд, зүрх хурдан хурдан цохилно. Яг л ямар нэг буруу зүйл хийгээд, баригдчихсан юм шиг. Гэхдээ юунд баригдсан гэж? Байгаагаараа байсныхаа төлөө. Би аль ч хэлээ төгс эзэмшээгүй. Сургууль дээрээ англиар,гэртээ Mонголоор ярьж өссөн. Тэгээд энэ хоёрын дунд хаа нэгтээаль нэгийг нь “цэвэрхэн” ярьдаггүй хүн болчихсон. Заримдаа би зөвхөн Mонголоор ярих гэж хичээдэг. Гэтэл үг олдохгүй. Яг хэрэгтэй мөчидяг хэрэгтэй монгол үг маань орж ирдэггүй. Харин англи үг түрүүлээд гараад ирнэ. Тэгээд л өгүүлбэрийн дундуур орчихно. Өөрийн мэдэлгүй л хольж ярина. Тэгээд тэр видеог үзэж суухдаа, Эхлээд ичсэн. Дараа нь уур хүрсэн. Тэгээд ичсэндээ өөртөө бүр их уур хүрсэн. Яагаад гэвэл тэр комментуудын доор хэн ч яриагүй нэг зүйл бий. Бидний олонх нь ийм амьдралыг сонгоогүй. Эцэг эх маань Монголоос явсан. Улс төрийн өөрчлөлтөөс болсон уу,амьдралаа авч гарахын тулд байсан уу,илүү боломж хайсан уу— ямар ч шалтгаантай байсан,тэд явсан. Тэгээд бид өөр газар өссөн. Бидний ярих хэл хүртэлтэр нүүдлийг дагаад өөрчлөгдсөн. Хоёр хэл холилдсон ньхоёр ертөнц холилдсоных. Энэ хайхрамжгүй байдал биш. Энэ хүндэтгэлгүй байдал биш. Зүгээр л хоёр өөр ертөнцийн дунд өссөн хүндтохиолддог зүйл. Гэхдээ би нөгөө талыг нь бас ойлгодог. Яагаад хүмүүс ингэж эмзэглэдгийг. Яагаад Монгол хэлээ хамгаалахыг хүсдэгийг. Монгол хэл бол жижиг хэл. Онцгой хэл. Бидний л хэл. Хэрэв бид англи үгийг улам их хольсоор байвал,нэг л өдөр монгол хэл маань нимгэрээд,бага багаар алга болчих вий гэсэн айдас байдаг байх. Тэр айдсыг би ойлгодог. Яагаад гэвэл би ч басМонгол хэлээ алга болоосой гэж хүсэхгүй. Би ч бас хамгаалмаар байна. Гэхдээ— хэлийг хамгаалах нэг хэрэг.Харин амьдралынхаа эрхээр өөрөөр ярьдаг болсон хүмүүсийг ичээх өөр хэрэг. Энэ хоёр адилхан биш. Нэг нь хайраас гардаг. Нөгөө нь айдсаас. Гаднаасаа хоёулаа“хэлээ хамгаалж байна” гэж харагдаж болох ч, дотроосоо бол тэс өөр. Би тэр өдөр утсаа ширтээд,биеэ чангалчихсан сууж байсан өөртөө энгэж хэлнэ. “Чи буруу зүйл хийгээгүй. Гэрээсээ хол өссөн нь чиний буруу биш. Чиний дотор хоёр хэл салангид биш,хоорондоо сүлжилдээд оршдог нь чиний буруу биш.” гэж хэлэх байсан байх. Тэгээд бодоод байхад— магадгүй энэ ямар нэг зүйлийгхадгалж чадаагүйн нотолгоо биш. Харин магадгүй энэшинээр бий болсон зүйлийн нотолгоо ч юм билүү. Гуравдагч соёл. Монгол ч биш.Америк ч биш. Эсвэл— хоёулаа. Гэрээ санасаар мөртлөөөөр газар шинэ амьдрал босгох хэрэгтэй болсон хүмүүсийн бүтээсэн соёл. Хоёуланг нь яаж авч явахыгхэн ч зааж өгөөгүй байхадөөрсдөө олсон арга. Хэл гэдэг чинь эцсийн эцэстзөвхөн соёлыг музейн үзмэр шигхэвээр нь хадгалахын тулд байдаггүй биз дээ? Хэл бол холбоо. Өмнө чинь байгаа хүнтэй холбогдохын тулд. Дотроо байгаа зүйлээгадагш нь илэрхийлэхийн тулд. Хаана очсон чтэндээ амьдрахын тулд. Хэрэв бидний холимог хэлэнэ бүхнийг даван туулахад тусалсан бол— эцэг эхтэйгээ ярилцахад,сургууль дээр найзтай болоход,хоёр өөр ертөнцийн дунд өөрийгөө ойлгоход,эцэст нь өөрийгөө олоход тусалсан бол— тэр хэл үүргээ гүйцэтгэсэн. Хийх ёстой зүйлээ хийсэн. Гэхдээ би Монгол хэлээ сайжруулахыг хүсдэг. Одоо ч сурч байна. Алгуурхан. Хэзээ нэг өдөр англи үгээрцоорхойгоо нөхөхгүйгээрМонголоор бүтэн яриа өрнүүлдэг болох ч юм билүү. Тэр бол миний хүсэл. Гэхдээ тэр хүртэлби өөрийнхөө өнөөдрийн хэлийг үзэн ядахгүй. Тиймээс тэр видеон дээрх эмэгтэйд, тэр комментуудыг бичсэн хүмүүст, бас биднийг Монгол хэлээ “эвдэж байна” гэж боддоггэртээ байгаа хэн бүхэнд нэг зүйл хэлмээр байна. Бид соёлоо хаяагүй. Бид түүнийг авч гарсан. Үүдээр гаргаж,онгоцонд суулгаж,далай гатлуулж, өөрийнх нь биш хэл,өөрийнх нь биш орчин,өөрийнх нь биш амьдрал дунд авч явсан. Тэгсэн ч бид монголоор ярьсаар байсан. Төгс биш. Заримдаа эв хавгүй. Заримдаа англи үгтэй хольж. Заримдаа нэг Монгол үгээ санах гэжхэдэн секунд дуугүй зогсож. Гэхдээ ярьсаар л байсан. Энэ хүндэтгэлгүй байдал биш. Харин ч эсрэгээрээ— барьж үлдэх гэж хичээсний мөр. Тиймээс бидний бүтээсэн зүйлийг бас хүндлээч. Бид та нарыг үргэлж санадаг тул өөрсдийн дотор авч үлдсэн тэр хэлийг хүндлээч. Энэ нь та хэдийн гэртээ бүтнээр нь хадгалж үлдсэн монгол хэл биш байж болно. Гэхдээ энэ болбид гэрээсээ холдох замдаахоёр гараараа тэвэрч,алдахгүй гэж зуурсааравч үлдсэн Монгол хэл. Хэлбэр нь өөр болсон. Дуудлага нь ч өөр болсон байж магадгүй. Дунд нь өөр хэлний үг ордог болсон. Гэхдээ— энэ бас бидний Монгол хэл. Бидний туулсан замын мөр. Бидний санасан гэрийн үнэр. Бидний хоёр ертөнцийн дундамьд үлдсэн хэл. Тиймээс төгс биш байсан ч— үнэ цэнтэй. This is a public episode. If you would like to discuss this with other subscribers or get access to bonus episodes, visit zusmee.substack.com

About

My personal podcast. zusmee.substack.com

You Might Also Like